Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2026 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хуралд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн төлөөлөл оролцож, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн байна.
Хурлын үеэр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Г. Дашжанцан тус төвийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, шинэчлэл, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д. Болормаа 2025 оны эмнэлзүйн тайланг танилцуулж, оношилгоо, эмчилгээний үйлчилгээний үзүүлэлтүүд, эмнэлзүйн тусламж үйлчилгээний сайжруулалтын талаар онцолсон юм.